Friday, May 13, 2011

Каталог-2


1.    Байгалийн шинжлэх ухааны номыг ангилах арга (ДАА)
Хамгийн өргөн түвшинд ДАА нь Шинжлэх ухааныг 10 үндсэн ангид хуваагдах бөгөөд тэдгээр нь мэдлэгийн бүх спектрыг хамтдаа хамаарна. Энэ анги цаашдаа 10 бүлэгт хуваагдаж, бүлэг тус бүр 10 салбарт хуваагдах боловч бүлэг ба салбарт бүх индексийг ашиглахгүй (анги гэсэн үг нь үндсэн анги, бүлэг салбар ба шаталсан бүтцийн аливаа бусад заалтын түвшинг заахад ашиглаж болох юм).
Байгалийн шинжлэх ухааны ном зохиол нь шинжлэх ухаан, технологийн мэдээллийн зуунд улам түлхүү хөгжиж байна. Байгалийн шинжлэх ухааны ном зохиолд тэнгэрийн эрхэс буюу одон орон, байгаль дэлхий, хүн амьтны шүтэлцээ холбоо, тэдгээрийн түгээмэл хуулиуд, мөн чанарын тухай бүтээлүүд ордог. Мөн хувилахуй ухаан (хими), физик, амьтан судлал (ботаник), тоо бодлого (математик), залуурзүй, газарзүй (геологи) зэргээс гадна байгаль орчныг хамгаалах тухай сэдэв асуудлууд энэ салбарт ордог.
Энд байгалийн ба хавсарга шинжлэх ухаанаар салбар хоорондын баримтыг ангилна. Байгалийн түүхийг 508-д ангилна. Салбарын ба мэргэжлийн шинжлэх ухааны зарчмыг тухайн салбар, мэргэжлээр нь ангилна.
500-д “шинжлэх ухаан” ба байгалийн шинжлэх ухаан болон математик гэсэн үгсийн хооронд тэнцүү тэмдэг тавьсан байдаг. Энэ нь нийгмийн шинжлэх ухаан ба бусад салбар ухааны шинжилгээний үзэлд хэрэглэгддэг. Баримтыг 001-д ангилах ба хэрэв “шинжлэх ухаан” нь байгалийн шинжлэх ухаанд тодотголгүй хэрэглэгддэг бол 001.2-рт ангилна. Боловсрол сургаал гэдэг үгнүүд нь 500-аас өөр салбар ухаанд хэрэглэгдэх ба зөвхөн байгалийн шинжлэх ухаанд онцлон хэрэглэгдэхэд 500-д байна. Шинжлэх ухааны арга ба шинжлэх ухааны судалгааны баримт 507-г бодвол 001.4-д харъяалагдана. Харин шинжлэх ухааны номонд бичсэнээр “шинжлэх ухааны түүх” нь юуны түрүүнд байгалийн шинжлэх ухаан ба математикт харъяалагдах ба 509-д ашиглагдана. Эргэлзсэн үед 500-д ангилна.
500 нь дараахь дэд ангиудад хуваагдана:
510 Математик
520 Одон орон судлал
530 Физик
540 Хими ба зэрэгцээ шинжлэх ухаанууд
550 Газрын тухай шинжлэх ухаан
560 Палентолог
570 Амьдралын тухай шинжлэх ухаанууд /Биологи/
580 Ургамал
590 Амьтан
Байгалийн шинжлэх ухааны номыг ангилахад туслах таблиц 1-н -015 ашиглах нь
·         Т1-ийн -015-д Шинжлэх ухааны зарчмууд
Зүйлийн анализ ба тодорхойлоход шинжлэх ухааныг ашиглах, түүний үнэн зөвийг батлах буюу няцаах, үйлдлийн гүйцэтгэл, зүйлийн талаар шаардлагатай мэдээлэл авах
·         510-590-д 5-р дараалсан -015 үндсэн индекст нийцүүлнэ. Жишээ нь Математик аргууд -0151, Цаг уур судлал -015515 гэх мэт.
·         Шинжлэх ухааны аргыг -072-д ангилна, Статистик аргуудыг -0727-д ангилна, Байгалийн шинжлэл ба математикийн салбар хоорондын бичгүүдийг 500-д ангилна.
Байгалийн шинжлэх ухааны номыг ангилахад туслах таблиц 2-ыг ашиглах нь

·         Мөн туслах таблиц 2-н 11-19 дах 1-ээс хойших заалтыг нэгтгэнэ. Жишээ нь, Тэнгисийн байгалийн түүх 508.3162
508.3 - /Үндсэн анги-ангиллын жагсаалт/
-162 – Далай ба тэнгис /Туслах таблиц 2/
·         Үндсэн индекц 508.33-д туслах таблиц 2-н 31-39 дах 3-ээс хойшхи заалтыг нэгтгэнэ. Жишээ нь, Эртний Грекийн байгалийн түүх 508.338
508.3 - /Үндсэн анги-ангиллын жагсаалт/
- 38 – Герег /Туслах таблиц 2/
·         580.9 гэсэн үндсэн индекст  туслах таблиц 2-н 3-9 гэсэн заалтыг залгаж хэрэглэнэ. Жишээ нь, Аргентины ургамлуудыг 581.982-т оруулна.
581.9 – /Үндсэн анги-ангиллын жагсаалт/
-82 – Аргентин /Туслах таблиц 2/
·         Туслах таблиц 2-ийн 3-9-д Тусгай тив, улс орон, орон нутаг; дэлхийн гаднах сансрын ертөнц хамаарна.
Сэдвүүдийн хослол
Алгебр 512.1-т математикийн бусад хэсгүүд хослох, Арифметик 513.1-т математикийн бусад хэсгүүд хослох, математик анализ ба бодолт 515.1-д математикийн бусад хэсгүүд хослох үеийн ангилалын үеийн ангилалын үед, тэрчлэн хэргэлэх үед 512.5-д шугаман алгебрийг аналитик геометртэй хослохыг ангилна. Шугаман, олон шугаман, олон хэмжээст алгебр дараах зааврыг удирдлага болгоно.
·         Хэсгийн үзүүлэлт нь  үндсэндээ нэг мэргэжлийн баримтууд байх бөгөөд нөгөө мэргэжлийн тодорхой мэдээллүүд нь баримтын төгсгөлд нэмэгдэх юмуу эсвэл бүх текстэд тархсан байна. Жишээ нь, Алгебр ба Евклидын геометр 512.2 дах алгебрийн 10 гарчиг, евклидын геометрийн 2 гарчгаас бүтсэн сурах бичгийг ангилах
·         Баримт нь эхний нэрийн гарчгаас ихээхэн шалтгаална. Жишээ нь, 512.13 Алгебр, тригонометрийг ангилахын тулд баримт нь алгебр дээр бага зэрэг тригонометрийг нэмэхэд зориулагддаг. Хэрэв баримт нь тригонометр алгебраас бага зэрэг орж хавсарч байвал 516.21-г тригонометрт ангилна.

2.    Нийгмийн шинжлэх ухааны номыг ангилах арга (НСНЗА)
НАА-ын үндсэн зорилго нь ном хэвлэлийн агуулгыг нээж өгөх, мэдлэгийн тогтолцоог шинжлэх ухааны үндэстэй нийцүүлэн гарган өгч, үүгээрээ уншигчдад номын сангийн фондыг ашиглахад нь хялбар болгож хөнгөвчлөхөд оршино.
ННА-ыг гүн ухаан-арга зүйн үндэс нь бодит зүй тогтол, хөгжлийн зарчимд тулгуурлагдсан шинжлэх ухааны ангилал юм. Энэ нь шинжлэх ухааны тодорхой захирагдах ёсоор ангиллын төрлүүд матери, түүний үйл хөдлөлтэй зохицон, доороос дээшээ, энгийнээс хүндэд шилжин илэрхийлэгдэнэ. ННА нь завсрын ба шилжилтийн шинжлэх ухаан, бүтцийн тодорхой түвшинд судлагдах шинжлэх ухааныг хамарч, шинжлэх ухааны салбарууд ба ялгарлыг нэмэгдүүлэх бүхий л үйл ажиллагааг тодотгож өгдөг.
Нийтийн номын сангуудад зориулсан ННА-ын бүтэц нь хэд хэдэн төрлийн таблицаас бүрдэнэ. Үүнд: үндсэн, ерөнхий, нутаг дэвсгэрийн ба тусгай хуваарийн таблицууд багтана.
2 Байгалийн шинжлэх ухаан
Үндсэн хуваарилал
20 Байгалийн шинжлэх ухаан бүхэлдээ
22 Физик-математикийншинжлэх ухаан
24 Химийн шинжлэх ухаан
26 Газрын шинжлэх ухаан /геодези, геофизик, геологи, газарзүйн шинжлэх ухаан/
28 Биологийн шинжлэх ухаан
Ерөнхий үлгэрчилсэн хуваарь
Ерөнхий үлгэрчилсэн хуваарийн заалтууд нь салбарын буюу сэдвийн заалтад ямар ч тэмдэггүйгээр шууд холбогдоно. Жишээ нь, Дунд сургуулийн алгебрийн сурах бичгийг “22.141 Энгийн алгебр” ЕҮХ-ийн “я72 Дунд сургуулийн сурах бичиг” заалт холбогдож, 22.141я72 гэсэн ангийн заалт  бий болно.
Үлгэрчилсэн хуваарийн таблицаар Байгалийн шинжлэх ухааны ном ангилах нь
22.6г Одон орны түүх
г – Шинжлэх ухааны түүх
Үүний дотор:
г(3) – Гадаад орнуудын шинжлэх ухааны түүх
г (5Мон) – Монгол улсын шинжлэх ухааны түүх гэх мэт ялгаж болно.
г зүйлчилсэн хуваарийн дор ямар нэгэн тусгай шинжлэх ухааны зүтгэлтний тухай номуудыг оруулж болно. Ангийн заалтыг г хуваарьт холбох маягаар эсвэл зүтгэлтний овог нэрийг дэд ангийн ард тусгаж болно. Жишээ нь, 4г(2)Менделеев Д.И.
22.6с Одон орон судлах багаж хэрэгсэл
с – Материал техник хэрэгсэл
Үсэг дараалал-зүйлчилсэн хэлхээс ашиглах нь
Байгалийн шинжлэх ухааны ба практик үйл ажиллагааны салбарын хууль, дүрэм ба аргыг бусад шинжлэх ухаанууд ба практик үйл ажиллагааны салбарт ашиглах тухай номууд хэрэглэгдэх салбарууддаа хамрагдана.
Жишээ нь, авиазүйн номнууд ”22.3 Физик” гэсэн ангийн холбогох дэд ангид орно. Хөгжмийн авианы тухай бол хөгжимд, цахилгаан авианы тухай бол радио электроникт хамрагдана.
Шинжлэх ухааны тусгай салбар ухааныг өгүүлсэн ажлуудын нилээд нь ерөнхий салбар ухааны өгүүлэлтэй нийцэж, тусгай ба салбар ухаанд харъяалагдана. Жишээ нь “Ерөнхий биологийн үндэстэй ургамал судлал” ном нь ургамалын ангилалд тусгагдах ёстой.
Олон ботит номууд ерөнхий ангиудаараа төрөлжин, харин тодорхой нэр бүхий, нэмэлт номзүйн бичилт хийгдсэн тусгай ботиудыг тэдгээрийн агуулгатай нийцүүлж давтан тусгана.
Сэдвийг хуулбарлахдаа шаардлагатай заалтыг хоёуланг тусгаж өгнө. Жишээ нь, Байгалийн шинжлэх ухаан 20
Байгалийн шинжлэх ухааны номзүйн гарын авлага 91.9:2 ба 20
Хоёр цэг нь  үндсэн ангийн нэг томъёоллын заалтыг бусад үндсэн ангийг заалттай нийцүүлэхэд ашиглана.





Monday, April 25, 2011

Өөрийн нөөцийг шивэх Даалгавар


Доктор (Sc.D), проф. Д.Санжжав
Доктор (Sc.D), проф. Л.Жамц





ЕРӨНХИЙ СЭТГЭЛ СУДЛАЛ

Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнууд, сэтгэл судлалын мэргэжлээр суралцагсад, ЕБС-ийн багш нар, сэтгэл судлалын мэргэжлийн биш их дээд сургуулийн багш нар болон аймаг хотын боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдэд зориулав.


Редактор: Доктор (Ph.D) проф. П. Цэрэндондов
Ахлах багш                                      Ц.Жодвон








Улаанбаатар 2008
                              ЕРӨНХИЙ СЭТГЭЛ  СУДЛАЛ


Зохиогч :                                   Д.Санжжав
                                              Л.Жамц
Редактор:                                  П. Цэрэндондов  Ц.Жодвон
Эхийг бэлтгэсэн:                                Л.Жамц
Хэвлэлийн хуудас                              20х.х
Цаасны хэмжээ                                   148*210



Сурах бичгийн эхийг “Отгонтэнгэр” их сургуулийн хэвлэлийн газар, хавтсыг нь МУИС-ийн хэвлэлд хэвлэв.

 Өмнөх үг
            Монгол улсын сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын сэтгэл судлалын шинжлэх ухаанд оруулсан нөр их хөдөлмөрийн үнэ цэнэ болон үзэл баримтлалыг нь алдагдуулахгүйгээр түүний 1990 онд хэвлүүлсэн “Сэтгэл судлал” хэмээх сурах бичгийг:
                Нэгдүгээрт, Энэхүү эрдэмтний гарын шавь доктор (Ph.D) проф. П. Цэрэндондов, гэргий ахмад багш Ц.Жодвон нарын санал хүсэлтээр, хоёрдугаарт  сургалтын технологийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн, өргөтгөн боловсруулж, улмаар багшийнхаа гэгээн дурсгалд зориулан хэвлүүлэхийг зорисон болно.
            Энэ сурах бичигт сэтгэл судлалын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, амжилтуудыг тодорхой тусгаж, тэдгээрийг багш бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутны сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, чанар, үр дүнг дээшлүүлэх асуудалтай нягт холбон бичсэн юм.
                Энэ сурах бичгийн нилээд хэсэгт миний бие агуулгын өөрчлөлт, өргөтгөл хийлээ. Эл сурах бичгийг ийнхүү өргөтгөн өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхдөө:
1.       Би 1990 онд МУБИС-ийн сурган хүмүүжүүлэх ухааны факультетийн деканаар ажиллаж байхдаа проф. Д.Санжжавын 1989-1990 оны хичээлийн жилд оюутнуудад уншсан сэтгэл судлалын хичээлийн лекцэнд бүрэн сууж тэмдэглэл хөтөлсөн материалыг;
2.       1993-2005 онд МУБИС-ийн оюутнуудад боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх зүйг, 2003-2009 онуудад сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын хичээл заахдаа ашиглаж байсан ном, гарын авлага, лекцийн материалуудыг ;
3.       2003-2006 онд Орхон их сургуулийн, 2009 оноос хойш ОТИС-ийн багшийн ангиудад сэтгэл судлал хичээл заахдаа МУБИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш нарын бичиж хэвлүүлсэн сурах бичиг, гарын авлагуудаас ашигласны зэрэгцээ, тэдгээрт хийсэн дүн шинжилгээг;
4.       ОХУ, АНУ зэрэг гадаад орны сэтгэл судлаач эрдэмтдийн ном, бүтээлүүд (2000-2008 онд хэвлэгдсэн)-ийг;
5.       Оюутнуудад, мөн боловсрол судлалаар суралцаж буй магистрант, докторантуудад зориулж ХИС, ОИС-ийн эрдэм шинжилгээний бичиг болон болосролын шинжлэх ухааны академын “Боловсрол судлал” сэтгүүлд хэвлүүлсэн, материалуудыг тус тус ашигласан болно. 
Тухайлбал: Энэхүү “Сэтгэл судлал” сурах бичгийн нэгдүгээр хэсгийн I бүлгийн 1-5; II бүлгийн 1-7; хоёрдугаар хэсгийн IV бүлгийн 1-2; гуравдугаар хэсгийн VI бүлгийн 1-3; VII бүлгийн 1-3-р зүйлүүдэд нилээд өөрчлөлт оруулж, IV бүлгийн 5-ыг шинээр нэмж оруулсан. Уг сурах бичгийн доторх социолист, идеалист агуулгатай материалуудыг өөрчлөн өнөөгийн үзэл баримтлалд нийцэх утга, агуулгын засвар хийлээ.
Сурах бичгийн агуулгатай холбоотой зарим чухал зургуудыг шинэчлэн хэвлүүлсэн.
Темперамент судлахад хэрэглэх арга зүйг шалгуур үзүүлэлтүүдийн хамт оруулсан (XVI бүлгийн 5)
Сурах бичгийн хэсэг, бүлэг бүрийн эцэст суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг нягтлан тодорхойлж, үнэлэх зорилгоор асуулт, практик ажил, туршилт, тест оруулсанд утга, агуулгын засвар хийсэн.
Энэ сурах бичгийн сэдэв бүр нь сурган хүмүүжүүлэх зүй, хичээл тус бүрийн дидактикийн асуудлыг сэтгэл судлалтай холбон ойлгомжтой баримт материалаар өгүүлсэн агуулгатай байгааг уншин хэрэглэгчид анхаарах биз.

Энэ сурах бичгийн талаар санал шүүмж, сэтгэгдлээ 91912633 утсаар юмуу ОТИС-ийн боловсрол судлалын болон сэтгэл судлалын профессорын багш гэсэн хаягаар ирүүлнэ үү.  
                               
                                     Редакторын үг
Сэтгэл судлалын шинлэх ухааны доктор (S.c), профессор, бидний хайртай багш, талийгаач Д.Санжжав олон жилийн туршлага, эрдэм мэдлэг, нөр их хөдөлмөрөөр сэтгэл зүйчид, сэтгэл судлалын болон багш мэргэжлийн ангийн оюутнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулж”Сэтгэл судлал” сурах бичгээ 1990 онд бичиж хэвлүүлсэн.
Гэвч энэ сурах бичгийг орчин үеийн боловсрол, сургалтын шинэ технологийн өнөө үеийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх цаг үеийн шаардлага зүй ёсоор гарч ирсэн, нөгөө талаар багшийнхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, сэтгэл судлалын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, ажил хөдөлмөрийн залгамж шинжийг хадгалж, цаашид хэвлүүлэх эрхэм үүрэг бол түүний шавь бид бүхний зорилт юм. Тийм учраас багшийн маань дотны шавь сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор профессор, МУ-ын гавъяат багш Л.Жамц, түүний сэтгэл судлалын шинжлэх ухаанд баримталж ирсэн үзэл, хандлагыг алдагдуулалгүй, сургалтын орчин үеийн шинэлэг технологи болон хэрэглэгчдийн нийтлэг хэрэгцээ, сонирхолд нийцүүлж дээрх сурах бичигт нэмэлт өөрчлөлтүүд оруулан шинэчлэхээр зориг сэтгэл шулуудсан болно.
Профессор Л.Жамц өөрийн туршлага, мэдлэг болон гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчдийн ном, бүтээл, эх сурвалжуудаас ашиглан уг сурах бичигт дараах чиглэлийн өөрчлөлтүүд оруулан хэвлүүлж байна:
·         Социализмын үеийн зарим нэр томъёо, үг хэллэг, ойлголт бүхий хэсгийг өөрчилсөн.
·          Сурах бичгийн хэсэг, бүлэг бүрийн доторх дэд сэдвүүдийн бүтэц, агуулгад засвар, шинэчлэл хийсэн.
·         Номын IV бүлэгт шинэ сэдэв нэмж оруулсан.
·          Сурах бичгийн бүлэг нэг бүрийн эцэст байгаа оюутан суралцагчдын бие даан ажиллах даалгавар, практик ажлыг шинчлэн засварлаж нэмэлт өөрчлөлт хийжээ.
Профессор Л.Жамцын зохиомжлон шинэчлэн гаргаж байгаа энэхүү сурах бичиг нь сэтгэл судлалын шинжлэх ухааны ерөнхий асуудлууд, биехүний хөгжил, төлөвшил, танин мэдэхүйн бүхий л ажиллагааны сэтгэл зүй, хүмүүс хоорондын харилцааны мөн чанар зэрэг олон асуудлыг системтэй судлах боломж бүхий бүтэц, агуулгатай бүтээл болжээ.

Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D),
профессор П.Цэрэндондов
Талийгаачийн гэргий, ахмад багш Ц.Жовдон.

I БҮЛЭГ.
Сэтгэл судлалын судлах зүйл, зорилго, зарчим, судалгааны арга
бусад ШУ-тай холбогдох нь:



      1. Сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай ойлголт, үзэл баримтлал
                Эхлээд нэр томъёо талаас нь авч үзье. Сэтгэл судлал нь орос хэл дээр “Психология”, үүний эхний Псих нь “Psuche”-душа/сэтгэл санаа/, сүүлийн логия нь “Logoc” гэсэн Грек үгнээс гаралтай сургаал, шинжлэх ухаан гэсэн утгатай үн юм. Энэ нэр томъёог XVIII зууны үед германы гүн ухаантан Христиан Вольф (1679-1754) хэрэглэжээ.
       Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ философийн сургаалийн бүрэлдэхүүн хэсэг болон үүсч хөгжсөн түүхтэй ажээ. XIX зууны үед сэтгэл судлалын шинжлэх ухаан нь философиос тасран бие даан хөгжиж туршилт судалгааны аргууд нийгмийн шинжлэх ухааны салбарт нэвтэрч эхэлснээр хүний мөн чанарыг судлах хандлага, чиглэл өөрчлөгдөн сэтгэл судлалд “сэтгэц” гэдэг нэр томъёо /ухагдахуун/ бий болов. Германы сэтгэл зүйч В.Вундт 1879 онд Лейпцигийн их сургуулийн дэргэд сэтгэл судлалын лаборатори байгуулж, сэтгэцийн үзэгдлийн зүй тогтлыг интроспекцийн аргаар судалжээ. Тэрээр ямар нэг үзэгдлийг хүртэн мэдрэх боломжийг туршигдагчид олгожээ. Жишээлбэл: Янз бүрийн өнгө харуулна. Өнгө нь тодорч бүдгэрнэ. Өнгө бүрийг дуу авиа дагалдаж ч, үгүй ч байж болно. Цочроогчийн үйлдэл эхэлсэнээс хойш болж буй үйл явдлыг мэдрэн тоочиж хэлэхэд уг аргын онцлог илэрнэ. Тухайлбал туршигдагч цочроогчийн үйлчлэлээр үүсэж буй сэрэл, (сэрлийн тухай ойлголтыг 130-131-р талд өгүүлсэн) мэдрэмжээ (мэдрэмжийг тухайн юмс үзэгдлийн талаарх хүний дотоод бодол санааны цогц үзэгдэл юм) хооронд нь холбон “улаан өнгө цочроон догдлуулж байна”, “цэнхэн өнгө тайвшруулж буй юм шиг санагдаж байна” гэх мэтээр төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ үгээр илэрхийлэн тоочих ёстой юм. Энэ туршилт нь ямар нэг цочроогчийг хэрхэн хүлээж тусган авах чадвар бүхий сэтгэцийн үзэгдэлтэй холбоотой юм. Сэтгэц бол бие махбодийн салшгүй хэсэг бөгөөд “уураг тархи” хэмээх эрхтэнд байдаг мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны үр дүн гэсэн тэр үеийн ойлголт төсөөлөл нь сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ингэхлээр сэтгэл судлалын шинжлэх ухааны үүслийн ойлголт, төсөөлөл нь сэтгэл санаа /душа/-г өнөө үед сэтгэц судлал гэсэн нэр томъёогоор яригдах болжээ. Сэтгэл санааг оюун санаа гэж ч манай сэтгэл зүйч эрдэмтэд хэлж бичиж, хэрэглэж ирсэн байна. Хүн бусад амьтдаас ялгагдан хөгжсөн түүх нь хүний сэтгэц, ухамсрын үүсэл хөгжлийн түүх юм.
       Хүний сэтгэгц, оюун санааг эртний грекийн эрдэмтэд янз бүрээр судалж байжээ. Тухайлбал эртний грекийн их сэтгэгч Демократ (МЭӨ 460-370) “сэтгэц бол бүх байгалийн адил материаллаг бөгөөд тусгай атомуудаас бүтсэн зүйл” гэж сэтгэцийн үзэгдлийн мөн чанарыг анх тайлбарлажээ.
        Платон (МЭӨ 427-347) “ертөнцийн юмс үзэгдэл нь материаллаг ба оюун санаа, бие цогцос ба сэтгэц гэсэн хоёр эх үүсэлтэй байдаг бөгөөд эдгээр нь тус тусдаа бие даасан, эсрэг тэсрэг зөрчилтэй зүйлс юм” гэж танин мэдэхүйн хоёрдмол үзэл баримтлал боловсруулсан нь үнэн чанартаа сэтгэцийн үзэгдлийн нэгэн чухал агуулга юм.
        Аристотель (МЭӨ 384-322) “ хүний оюун санаа болон бие цогцсын хооронд ямарч саланги тусгаар зүйл байхгүй бөгөөд оюун санаа нь хүний үйл ажиллагааны явцад янз бүрийн хэлбэрээр илэрч байдаг зүйл юм” гэж нотолсон нь Платоны үзэл баримтлалтай дүйж байгаа юм.
Платон, Аристотель нар хүний оюун санааг бүрдүүлэгч нь сүнс хэмээх сэтгэлийн эрхтэн юм. Энэ нь үхэшгүй мөнхийн шинж чанартай байна гэж үзжээ.
ОХУ-ын суут сэтгэлзүйч эрдэмтэн А.В.Петровский, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжав нарын сэтгэл судлалын сурах бичгүүдэд аливаа хүнд гаднаас үзүүлж буй  цочрол, түүнийг хүлээн авах мэдрэхүйн эрхтнүүд, тэдгээрийг холбон удирдан зохицуулж байдаг уураг тархины үйл ажиллагааг эртний суут эрдэмтдийн бүтээл, үзэл баримтлалд тулгуурлан тодорхой тайлбарласан байна.
Эртний грекийн эрдэмтдийн хүний сэтгэцийн үйл ажиллагааны талаарх үзэл баримтлалаас авч үзье. Францын эрдэмтэн Рене Декарт (1596-1650) хүний сэтгэцийн мөн чанар үүсч хөгжсөн зүй тогтлыг дараах байдлаар тайлбарлажээ:
Хүний ямарч оюун санаа оролцохгүйгээр булчин махбодийг гадаад орчны үйлдэлд хариу өгөх чадваргүйг баталж, сэтгэцийн рефлекст зарчмын онол боловсруулжээ. Тэрээр хүний мэдрэхүйн эрхтэнд гадаад орчны юмс үзэгдэл цочрол үзүүлэхэд тэндээс хөөрөл нь булчин махбодид очиж, тэдгээрийг татах, санах хөдөлгөөнд оруулна.
Гадны юмс үзэгдлийг тусгасан тархи нь хүний махбодийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэж нотолжээ. Гэвч Декартийн онол нь хүний сэтгэц, ухамсрын үйл ажиллагааны мөн чанар, түүний зүй тогтлыг шинжлэх ухааны үүднээс бүрэн гүйцэт баталж чадаагүй юм. XVIII зууны үед эмпиризм ба сенсуализмын онол гарч сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулжээ. Энэхүү онолыг идэвхтэй хамгаалагчийн нэг английн философич, сурган хүмүүжүүлэгч Джон Локк (1632-1704) анх удаа туршлагын /эмпиризм/ сэтгэлзүйн онолын үндэслэлийг боловсруулсан юм. Тэрээр хүний бүхий л мэдлэг нь гагцхүү түүний туршлагаас хамаарна. Ийм учраас хүний сэтгэцийн амьдралын тодорхой баримтуудыг судлах нь чухал юм. Туршлага нь хоёр үндсэн эх булгаас бүрэлдэнэ.  Үүнд:
·         Мэдрэхүйн гадаад эрхтний үйл ажиллагаа /гадаад туршлага/
·         Оюун ухааны үйл ажиллагаа /дотоод туршлага/ юм.
      Хүн төрөхдөө ямар ч бэлэн үзэл санаагүй төрдөг. Хүний оюун санаа бол “цэвэр самбар” юм гэж сэтгэцийн үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг тайлбарласан байна.
       XIX зууны II хагаст шинжлэх ухааны хөгжил хурдсаж, тэр нь олон төрлийн салбар шинжлэх ухаан болж хөгжсөн нь хүний дотоод ертөнцийн нууц, сэтгэл санааны үзэгдэл үүсч хөгжих зүй тогтлыг онолын үүднээс тайлбарлахад хувь нэмэр болжээ.
        XIX зууны II хагасаас эхлэн физиологийн шинжлэх ухаанд гарсан шинэ шинэ нээлтүүд нь сэтгэл судлалын хөгжлийн тулгуур чулууг тавьсан юм. Оросын алдарт физиологч, И.М.Сечнов (1829-1905) 1863 онд бичсэн “Тархины рефлекс” хэмээх зохиолд хүний сэтгэц, ухамсар үүсэж хөгжих зүй тогтлыг шинжлэх ухааны үүднээс нарийн тайлбарлаж, сэтгэцийн үзэгдэл нь амьд биеийг хүрээлэн байгаа гадаад орчны тусгал болохыг баталсан юм.
И.М.Сеченовын тодорхойлсноор гадаад орчноос бие махбодын мэдрэхүйн эрхтэнд үйлдэл үзүүлэхэд мэдрэхүйн эрхтэн уг үйлдлийг төв мэдрэлийн тогтолцоо буюу тархинд хүргэж тэнд сэрлийн процессыг үүсгэнэ. Тархинд очсон цочролын долгионыг тархи нь өөрийн үйл ажиллагааны нарийн механизмаар сэтгэц, ухамсар болгон хувирган төвөөс буцах мэдрэлийн сувгаар дамжуулан мэдрэхүйн эрхтэнд авчирч бие махбодыг үйл хөдөлгөөнд оруулна. Энэ нь сэтгэцийн рефлекст зарчим бөгөөд сэтгэл судлалын шинжлэх ухааны нарийн асуудлуудыг тайлбарлах гол оньс юм.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд Зөвлөлтийн алдарт физиологич, академич И.П.Павлов (1849-1936) боловсруулсан нөхцөлт рефлексийн тухай онол, дохионы I, II системийн тухай онолууд нь онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. И.П.Павлов эдгээр онолоороо сэтгэл судлалын шинжлэх ухааны тулгуур суурь болох физиологи, дээд мэдрэлийн үйл ажиллагааны онцлог, зүй тогтлыг улам нарийн судлан шинжилж, орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны гол гол асуудлын сэтгэц физиологийн механизмыг нээн тодорхойлсон юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь биологи, физиологийн шинжлэх ухааны нээлт ололт, онол дээр тулгуурлан байж хүний сэтгэц физиологийн механизмыг жинхэнэ шинжлэх ухааны үүднээс үнэн зөв тайлбарлах боломжтой болно.
             2. Сэтгэцийн тухай диалектик сургаал
Бидний амьдарч байгаа дэлхий дээр юмс, үзэгдэл байнгын хөдөлгөөнд орших доод хэлбэрээс дээд хэлбэрт, эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй хэлбэрээс дээр зэргийн зохион байгуулалттай хэлбэрт хүртэлээ экологийн өөрчлөлтөд байдаг ажээ. Мөн амьд, амьгүй юмс хоорондоо зохицон байдгийн зэрэгцээ амьд байгалийн үндсэн шинж нь сэтгэц юм. Гэхдээ сэтгэц нь амьд юмсын хөгжлийн тодорхой шатанд үүсч хөгжжээ.
       Сэтгэц нь өндөр хөгжилтэй ухамсартай тархины онцгой шинж чанар юм. Анхны амьд биед мэдрэх чадвар буй болсон нь сэтгэц сэтгэц үүсч хөгжих угтвар нөхцөл нь болсон байна. Амьд бие махбодын мэдрэхүйн эрхтэнд гадаад орчин үйлдэл үзүүлэхэд тэрхүү үйлдэл буюу цочроогчийн эсрэг амьд бие махбод нь өөрийнхөө тархины жолоодлоготойгоор хариу өгөх чадвар нь сэтгэц юм. Хэрвээ амьд бие махбодод гадаад орчны үйлдлийн эсрэг хариу өгөх чадвар болсон сэтгэц байхгүй бол тэр нь амьдрах чадваргүй болно. Ийм учраас альваа юмс үзэгдлийг тусгах чадвар нь сэтгэц юм. Амьтны ертөнцийн өөрчлөлт, хөгжлийн явцад тэдний мэдрэхүйн болон хөдөлгөөний эрхтэн, мэдрэлийн тогтолцоон нь улам бүр хөгжиж гадаад орчны цочролыг хүлээн авч, түүнд хариу өгөх чадвар нь аажмаар сайжирч амьд бие махбод ба орчны хооронд тогтох органик холбоо улам бүр нарийсан хөгждөг ажээ. Тийм учраас сэтгэцийн туслалцаатайгаар амьд байгаль, түүнийг хүрээлэн байгаа гадаад орчны хооронд байнгын холбоо явагдана. Амьтны ерөнхий мэдрэх чадвараас хараа, сонор, үнэр, амт, арьс зэрэг мэдрэхүйн тусгай эрхтэн салбарлан хөгжсөн нь цаашид сэтгэцийн үйлийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Анхны амьд амьтан гадаад орчноос үзүүлсэн цочролыг зөвхөн цочрон мэдрэх чадвартай байжээ. Ийм учраас амьд биеийн энэхүү цочрох чадвар нь сэрлийн процесс үүсэн хөгжиж гадаад орчноос үзүүлсэн үйлдлийг мэдрэхүйн тусгай эрхтнүүдийн тусламжтайгаар ялган хүлээн авч, түүнд үлэмж нарийн хариу өгөх өндөр чадварыг хөгжүүлэх угтвар болсон байна. Ийнхүү амьд амьтан өөрийгөө хүрээлэн байгаа гадаад орчинтой олон янзын хэлбэрээр харьцахын хэрээр адгуусны сэтгэцийн үйл ба гадаад орчны хооронд нягт холбоо тогтсон байна.
          Сэтгэцийг мэдрэлийн тогтолцооноос салгаж болохгүй билээ. Сэтгэц нь тархины үйл ажиллагааны илрэл юм. В.И.Ленин “Сэрэл бодол санаа, ухамсар нь онцгой хэлбэрээр зохион байгуулагдсан материйн дээд бүтээгдэхүүн юм”3 гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн бүхий л үйл тархины үлэмж нарийн үйл ажиллагааны үр дүн юм.
Сэтгэц нь тархины үйл ажиллагаа болох тухай асуудлыг эрт үеэс эхлэн эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж байжээ. Хүний тархи нь бор цайвар өнгийн бодисоор хучигдсан ховилуудтай бөгөөд ховилууд нь тархины бор цайвар өнгийн бодист олон мянган сувгаар нэвтрэн орсон тусгай шингэн зүйлээр дүүрсэн байна. Энэхүү шингэн нь цусны хамтаар тархины олон миллиард эсийг тэжээдгийн гадна тархийг гадны хөндөгдлөөс зөөлөвчлөн хамгаалдаг байна.
Тархины энэхүү шингэн зүйлийн дотор хүний “бодол санаа оршдог” бөгөөд тэрчлэн хүний нүдний ойролцоо орших тархины өмнөд хэсэг нь /өмнөд ховил/ биеийн ерөнхий мэдрэмжийг удирдах эрхтэн, тархины хойд хэсэг нь /хойд ховил/ ой ухааныг удирдан жолоодох эрхтэн юм гэж эрт дээр үед эрдэмтэд судлаачид хүний бодол санаа нь тархины үйл ажиллагаатай холбоотой гэж батлахыг эрмэлзэж байсан байна.
Австрийн эмч, анатомич, Франц Галль нь олон жилийн турш тархийг судалж сэтгэцийн дээд шат болох сэтгэхүй нь тархины бүтээгдэхүүн юм гэж үзэж баяжээ. Мөн сэтгэц нь тархины жирийн нэг шинж биш, харин “тархины онцгой шинж” гэдгийг В.И.Ленин тодорхойлсон байна.
Сэтгэц нь тархины онцгой шинж болох тухай асуудлын уг чанар юунд орших вэ? Гэвэл:
Нэгдүгээрт. Тархины энэхүү онцгой шинж нь бодитой оршиж байгаа боловч тэр нь материаллаг зүйл биш юм. Альваа материаллаг биеийн адилаар тархи нь хэмжээ багтаамж, хэлбэр, жин, нягт сийрэг зэрэг тодорхой бүтэц, хими физикийн шинж чанаруудыг өөртөө агуулсан байдаг.  
          Түүнчлэн тархи нь материаллаг чанартай физиологийн шинжүүдийг агуулсан байна. Харин сэтгэц нь тархины дээр дурдсан шинжүүдийг агуулаагүй байдаг тул “Сэтгэцийг жигнэж, хүрэлцэн мэдэрч болдоггүй” учраас сэтгэц нь нягт сийрэг, урт өргөн, өндөр нам, хэлбэр дүрс, өнгө, үнэр амтаар тодорхойлогддоггүй онцгой шинжтэй юм. Өөрөөр хэлбэл сэтгэц материаллаг бүтээгдэхүүн биш тул хүн сэтгэцийн үзэгдлийг хэрхэн танин мэдэж болох вэ? гэдэг асуулт аяндаа гарч болох юм.  Хүний үйл ажиллагаа, зан байдалд дүн шинжилгээ хийх замаар сэтгэцийн үзэгдлийг танин мэдэж болно.
        Хэрвээ бид хүний үйл ажиллагаа, зан байдлыг ажиглаж түүнд ямар нэгэн дүн шинжилгээ хийхгүй бол тэр хүн нь ямаршуу зан төлөв, төрх араншинтай, түүний ой, сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн төвшин ямаршуу болохыг мэдэж чадахгүй.
        Сэтгэцийн ачаар бид ертөнцийг танин мэдэж, түүнийг өөрийн сонирхол хэрэгцээнд зориулан хувьсган өөрчилнө. Сэтгэц, ухамсрыг тархины үйл ажиллагааны материаллаг болон физиологийн процесстой адилсгаж болохгүй юм.
       Бас бодол санаа болон материйн аль аль нь оршин байгаа нь үнэн юм. Гэвч бодол санааг материаллаг зүйл гэж болохгүй. Тийм учраас сэтгэцийг материас салгаж болохгүй. Харин түүнийг материтай адилтгаж болохгүй билээ.
            Хоёрдугаарт. Тархи нь объектив гадаад ертөнцийг тусгах чадвартай байдагт түүний онцгой шинж оршино. Биднийг хүрээлэн байгаа ертөнцийн юмс үзэгдлүүд мэдрэхүйн эрхтэнд үйлдэл үзүүлэхэд тэдгээр юмс үзэгдлүүдийн загвар нь дүрийн хэлбэрээр их тархины гадарт тусгагдана. Бид ямар нэг зүйлийг харах буюу эсвэл алсын дуу чимээг сонсох, юмсын хэлбэр хэмжээ, халуун хүйтэн, амт үнэрийг сэрж мэдэрч байгаа нь бидний тархинд уг зүйлс, тэдгээрийн шинж чанар тусгагдаж, түүний дүнд бид өөрийгөө хүрээлсэн юмс үзэгдлүүдийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог байна. Ийм учраас сэтгэц бол бодит байдлыг тусгасан тархины бүтээгдэхүүн юм.
        Сэтгэцийн тусгал нь гадаад ертөнцийн юмс үзэгдэл хүний тархинд тусгагдсан жирийн бөгөөд идэвхгүй тусгал биш. Харин хүн ба гадаад орчны хоорондын харилцан холбоог илэрхийлсэн идэвхтэй процесс юм.
         Хүнээс байгаль нийгмийн үзэгдлүүдтэй явуулсан практик үйл ажиллагааны явцад тусгалын үйл ажиллагаа үүсч явагдана. Сэтгэцийн тусгал нь байнга хөгжиж улам бүр боловронгуй болж байдаг юм.
        В.И.Ленин “Хүний танин мэдэхүй сэтгэхүйгээс объектод мөнхийн бөгөөд хязгааргүйд ойртож байгаа явдал юм. Хүний оюун санаанд тусгагдаж байгаа байгалийн тусгалыг “амьд” “хийсвэр”, хөдөлгөөнтэй, зөрчилтэй зүйл гэж ойлгох хэрэгтэй” гэжээ. Гадаад орчны үйлдлийн нөлөөгөөр хүний тархинд үүссэн сэрэл, хүртэхүй, ой, сэтгэхүй, зохион бодохуй зэрэг сэтгэцийн процесс нь тусгалын янз бүрийн үйл ажиллагааны дасан зохицолын хэлбэр юм. В.И.Ленин “бидний сэрэл, ухамсар нь зөвхөн гадаад ертөнцийн дүр юм” гэж тодорхойлсон байна.
Хүний танин мэдэх үйл ажиллагаа бодит байдлыг шууд тусгахаас гадна шууд биш дам тусгах замаар явагдана. Сэтгэц нь хүний гадаад үйл ажиллагааг зохицуулахаас гадна хүний дотоод эрхтэн, эд эсүүдэд нөлөө үзүүлнэ.
Ийм учраас хүний сэтгэцийн байдлаас түүний ажил амжилт, биеийн эрүүл мэнд, урт удаан наслах буюу өтөлж хөгшрөх зэрэг байдлууд шууд шалтгаална. Сэтгэц нь оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөн, зоригийн үйл ажиллагааг өөртөө багтаасан байна. Бодит байдлыг тусгах процесст сэтгэц нь улам олон талтай болж, нарийсан хөгждөг. Сэтгэц нь өөрийнхөө илрэх байдлаар нарийн бөгөөд олон янз байна.
Сэтгэцийн үзэгдлийг сэтгэцийн процесс, сэтгэцийн шинж чанар, сэтгэцийн байдал гэж 3 үндсэн хэсэгт хуваана.
Ухамсрын янз бүрийн хэлбэрээр бодит байдлыг тусгасан хөгжил хөдлөл бүхий тусгалыг сэтгэцийн процесс гэнэ. Сэтгэцийн процесс нь гадаад орчны үйлдэл болон бие махбодын дотоод орчноос мэдрэлийн тогтолцоонд үзүүлсэн цочролоос үүсч явагдана. Сэтгэцийн процесс нь эхлэл, хөгжил, төгсгөлтэй байна.
Сэтгэцийн процессыг дотор нь танин мэдэхүй, сэтгэлийн хөдөлгөөний, зоригийн гэж гурав хуваана. Сэтгэцийн хамгийн анхны процесс нь сэрэл юм. Сэрэл нь хүний мэдрэхүйн эрхтэнд шууд үйлдэл үзүүлсэн юмс үзэгдлүүдийн саланги, тусгай нэг шинжийг шууд тусгасан тусгал юм. Жишээ нь халуун хүйтэн, үнэр, амт, дуу чимээ, гэрэл, өнгө, хэлбэр хэмжээ гэх мэт үзэгдэл юмсын зөвхөн нэг шинжийг хүн сэрлээр тусгана. Эд, юмс үзэгдлийг тэдгээрийн бүхэл бүтэн шинжээр нь шуус тусах, сэтгэцийн үлэмж нарийн процессыг хүртэхүй гэнэ.
Хүртэхүйгээр юмсын тухай тодорхой мэдлэгийг олж авдаг. Сэтгэцийн хамгийн нарийн бөгөөд танин мэдэхүйн дээд шат нь сэтгэхүй юм. Сэтгэхүй нь бодит байдлын үзэгдэл юмсын хоорондын үлэмжийн нарийн холбоо харьцааг тусгана. Хэрвээ сэрэл, хүртэхүй нь мэдрэхүйн эрхтэнд шууд үйлдэл үзүүлсэн зүйлийн шинж чанарыг тусгадаг бол сэтгэхүй нь танин мэдэхүйн шууд биш зам бөгөөд тэр нь үзэгдэл юмсын мөн чанарт гүнзгий нэвтрэн орж, тэдгээрийн дотоод зүй тогтлыг нээн илрүүлж хүнд тодорхой мэдлэг өгдөг хүчирхэг зэвсэг юм.
Сэтгэцийн процессын нэг чухал хэсэг нь тогтоох ой юм. Хүний практик амьдралд урьд өмнө тохиолдож байсан зүйл болон хүний бодол санааны ул мөрийг оюун ухаанд тогтоон хадгалж, хожим түүнийг сэргээн санаж гаргах сэтгэцийн процессыг ой гэнэ.
Сэтгэцийн өөр нэгэн чухал процесс нь зохион бодохуй юм. Бодит байлыг бүтээлчээр тусгах сэтгэцийн процессыг зохион бодохуй гэнэ. Хүний өөртөө байсан сэтгэгдлүүдийг хослуулан нийлүүлж, түүний дундаас шинэ төсөөлөл, шинэ үзэл санааг буй болгоно.
Энэ бол зохион бодох процесс юм. Хүний зан байдал, үйл ажиллагааны тоо чанарын тодорхой түвшинг илэрхийлэх сэтгэцийн тогтвортой бүрдлийг сэтгэцийн шинж чанар гэнэ. Хүний сэтгэцийн шинж чанар нь түүний практик үйл ажиллагааны явцад төлөвшин хөгжинө.
Сэтгэцийн мөн чанарыг оюун ухааны, сэтгэлийн хөдөлгөөний болон зоригийн гэж ангилна. Сэтгэцийн шинж чанарт бие хүний анхаарал, зан төлөв, сэтгэлийн хөдөлгөөн, зориг, авъяас билэг зэрэг сэтгэл зүйн онцлог чанарууд багтана. Тухайн үед тодорхой нөхцлөөр хүний идэвхийг сэргээх буюу бууруулах замаар илэрч байгаа сэтгэцийн үйлийн харьцангуй тогтвортой түвшинг сэтгэцийн байдал гэнэ.
Хүний сэтгэцийн байдал нь өдөр бүр харилцан адилгүй түвшинд байх болох бөгөөд энэ нь хүний ажлын амжилт, биеийн эрүүл мэнд, гаднаас нөлөөлөх нийгэм, физиологийн хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаална.
Тухайн үед хүний сэтгэцийн процессууд болон сэтгэцийн шинж чанаруудын хослол ямар байгаагаар сэтгэцийн байдал тодорхойлогдоно.

3.Сэтгэцийн рефлекст шинж
       Амьд бие махбод өөрийгөө хүрээлэн байгаа орчинтой тархины нарийн үйлийн туслалцаатайгаар байнгын харилцан холбоонд оршино. Хүн ба хүн хоорондын харилцан холбоо, харилцан үйлдэл нь ихээхэн нарийн процесс юм. Хүн өөрийгөө хүрээлэн байгаа орчинд зөвхөн нөлөөлөөд зогсохгүй, харин түүнд идэвхтэй үйлдэл үзүүлж өөрийн зорилго чиглэлтэй хөдөлмөрийн үйл ажиллагаагаар түүнийг танин мэдэж, хувьсан өөрчлөх процесст хүний сэтгэцийн үйл ажиллагаа хувьсан өөрчлөгдөж, улам бүр баяжин хөгждөг юм.
Бие махбод нь мэдрэлийн тогтолцооны тусламжтайгаар гадаад, дотоод орчноо үзүүлсэн цочролын эсрэг хариу үйлдэл хийх, тархины зүй тогтолт хөдөлгөөнийг рефлекс гэнэ. Аливаа амьд бие махбод нь өөрийн төрөлхийн болон үүсмэл рефлексийн үндсэн дээр хүрээлэн байгаа орчинтойгоо зохицон амьдарна. Үүсмэл рефлекст үйл нь амьд бие махбодын гадаад орчинтой зохилдон амьдрах нарийн бөгөөд дээд чадвар юм. Үүсмэл рефлекс нь хүн ба адгуусны дээд мэдрэлийн үйл ажиллагааны үр дүн мөн.
Дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь хүн ба адгуусны сэтгэцийн үйл ажиллагааны физиологийн үндэс мөн. Бүх амьтны дээд мэдрэлийн үйлийн анатомийн эрхтэн нь их тархины гадар юм. Ийм учраас хүн болон адгуусны орчинтой зохилдон амьдрах үйлийг удирдан зохицуулах төв нь их тархины гадар юм. Амьд махбодыг хүрээлэн байгаа орчинтой нь зохилдуулан амьдруулах үйлийг их тархины гадраас удирдах бөгөөд энэ үйл нь хүний сэтгэцийн үйл ажиллагаа, түүний үр дүнтэй холбоотой ажээ. XVII зууны үед Францын эрдэмтэн философич Р.Декарт хүний сэтгэцийн үйл ажиллагаа нь тархины бүтээгдэхүүн болох тухай анх удаа тайлбарласан юм. Декарт нь аливаа амьд амьтаны орчиндоо үзүүлж байгаа бүх хариу болон хүний ухамсартай, зориудын болон санамсаргүй үйл хөдлөл нь цөм гадаад орчны цочроогчийн нөлөөгөөр үүсэн явагддаг гэдгийг баталсан байна.
Ингэж Р.Декарт сэтгэцийн рефлекс үйлийн үндсэн зарчмыг тайлбарласан юм. Мэдрэхүйн эрхтэнд гадаад ертөнц цочрол үзүүлэхэд мэдрэхүйн эрхтнээс тархинд хөөрөл дамжин очиж тэдгээр эрхтнийг агших, сунах хөдөлгөөнд оруулна гэж Р.Декарт сэтгэцийн үйлийн рефлкс шинжтэй буюу сэтгэц нь рефлексийн зарчмаар явагдахыг тайлбарласан байна.
Сэтгэцийн үйл  нь рефлексийн зарчмаар үүсэж явагддаг болохыг оросын алдарт физиологич И.М.Сеченов “Тархины рефлекс” гэдэг зохиолдоо тархины бүхий л үйл ажиллагаа нь рефлексийн зарчмаар явагддагийг онолын үүднээс тайлбарласан байна.
И.М.Сеченов хүний сэтгэцийн рефлекс шинжтэй болохыг онолын талаар нээгээд сэтгэц нь 3 үндсэн шатаар үүсэж явагдахыг тодорхойлсон юм. Үүнд:
1. Гадны үзэгдэл, юмс, тэдгээрийн шинж чанар бие махбодын мэдрэхүйн эрхтэнд нөлөөлөхөд тэндээс хөөрөл үүсэж тэр нь тархинд дамжин очих үе. Энэ үе шатыг И.М.Сеченов сэтгэцийн рефлекст зарчмын эхний үе гэж нэрлэсэн байна.
2.  Тархи буюу төв мэдрэлийн тогтолцоонд дамжиж очсон хөөрөл нь тархийг идэвхтэй үйл ажиллагаанд оруулж тэнд сэрэл, сэтгэцийн үзэгдэл үүсгэнэ. Үүнийг И.М.Сеченов сэтгэцийн рефлекст зарчмын төв үе шат гэж нэрлэсэн байна.
3. Тархинд үүссэн сэрэл, сэтгэцийн үйл нь төвөөс буцах замаар явж, бие махбодын мэдрэхүйн эрхтэнд очиж тэгдээгийг үйл хөдөлгөөнд оруулна. Үүнийг И.М.Сеченов сэтгэцийн рефлекст зарчмын 3 дахь буюу эцсийн үе шат гэж нэрлэсэн байна.
Ийм 3 үндсэн шатаар гадаад орчны нөлөөгөөр бие махбодын эрхтэнд үүссэн түлхэц нь төв мэдрэлийн тогтолцооны идэвхтэй үйл ажиллагааны дүнд сэтгэцийн үзэгдэл болж хувирдаг байна. Жишээ нь хүний нүдэнд туссан цахилгаан соронзон долгио нь эхлээд нүдний алимны доторх болор шингэнийг нэвтлэн дотоод бүрхэвчид орших гэрэл ба өнгийг мэдрэн тусгах савхан ба лонхон хэлбэрийн эсийг цочроосноос мэдрэлийн долгион үүсэж, тэр нь нүдний мэдрэлийн төв уруу тэмүүлэх нервээр дамжин /энэхүү процесс нь рефлекс явагдах эхний шат юм./ төв мэдрэлийн тогтолцоо буюу гэрлийг мэдрэгч хүлээн авч зохицуулан удирдах төв их тархины дагзны хэсэгт очно. Цааш нь тархины мэдрэлийн эсүүдэд явагдсан хөөрөл ба саатлын процессын үндсэн дээр гэрлийн цахилгаан соронзон долгионы урт богиныг ялган таньж харааны буюу өнгө, гэрлийн сэрлийг үүсгэнэ.
Үүний үндсэн дээр тэрхүү цахилгаан соронзон долгионы урт богино нь ямар нэг тодорхой өнгөний сэрэл болон хувирч хүн эсвэл улаан, үгүй бол ногоон, цагаан, хөх, бор, хар гэх мэтээр өнгийг ухаан санаандаа буй болгоно. Цаашид  тархинд үүссэн тэрхүү өнгөний сэрэл нь төвөөс буцах нервээр дамжин анх гэрлийн цахилгаан соронзон долгионы үйлдэл үзүүлсэн мэдрэх эрхтэн нүдэнд нь очиж нүдийг харах аних, цавчлах зэрэг үйл хөдөлгөөнд /энэ сэтгэцийн рефлекс зарчмын эцсийн шат/ оруулна. Үүний дүнд хүн ямар нэгэн өнгийг сэрж мэдэрч, үүний тухай үг яриа, бодол санаа, сэтгэгдэл, төсөөлөл үүсэж явагдаж байгаа нь тархины тусгал сэтгэцийн үзэгдэл үүсч буй хэрэг юм. Энэ мэтээр хүний бие махбодын мэдрэхүйн эрхтэнд үйлдэл үзүүлсэн цочроогчид нь тархины холбогдох төвүүдэд сэтгэцийн анхны процесс болох янз бүрийн сэрлийг үүсгэнэ.
И.М.Сеченовын боловсруулсан сэтгэцийн үзэгдэл нь рефлекс шинжтэй болох тухай онол нь нэгдүгээрт, сэтгэцийн үзэгдэл үүсэж явагдах процесс нь гадаад орчны юмс, үзэгдлүүдийн нөлөө, үйлдлээс шууд шалтгаалан хамаардгийг, хоёрдугаарт, хүний сэтгэцийн үзэгдэл түүний их тархины гадарт явагдах хөөрөл, саатлын процессын үр дагавар болохыг, гуравдугаарт, сэтгэц нь хүний зан байдал, гадаад дотоод үйл хөдөлгөөнийг удирдан зохицуулдаг идэвхтэй процесс болохыг тус тус баталж байна.
И.П.Павлов нь И.М.Сеченовын онолын үнэн зөв болохыг өөрийн олон жилийн ажлаар давхар батлан сэтгэцийн физиологи механизмыг нээж үүсмэл рефлексийн тухай онол, их тархины гадарт бүрэлдэх мэдрэлийн түр холбоосын тухай онол болон дохионы I, II системийн тухай онолын шинээр боловсруулж сэтгэцийн үзэгдэл рефлекс шинжтэй болохыг шинжлэх ухааны үүднээс дахин нотлон тодорхойлсон байна. Ингэхлээр хүн ба адгуусны сэтгэц нь гадаад объектив ертөнцийн субъектив дүр буюу тархины үйл ажиллагааны идэвхтэй үр дүн болохын зэрэгцээгээр тархины рефлекст үйлийн бүтээгдэхүүн юм.
 4. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун ба зорилго
            Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь объектив ертөнц хүний тархинд хэрхэн ямар замаар тусгагддаг, хүн өөрийгөө хүрээлэн байгаа материаллаг ертөнцийг яаж танин мэдэж, хэрхэн хувьсган өөрчилдөг, сэтгэцийн үйл ажиллагаа нь хүний насны үе шатуудтай яаж холбогдон хөгждөг, бие хүний сэтгэцийн шинж чанар хэрхэн төлөвшин тогтдог зэрэг асуудалд шинжлэх ухааны онолын үндэстэй хариу өгдөг юм.
       Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол сэтгэцийн үзэгдэл нь хүний үйл ажиллагаа болон амьдралын объектив нөхцлөөс хэрхэн шалтгаалдаг, тухайлбал, эдгээр нөхцлийн нөлөөгөөр биехүний шинж чанарууд ямар зүй тогтлоор яаж бүрэлдэн төлөвших процессыг судална. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ялангуяа өсвөр үеийнхний сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга хэлбэрийг тэдний нас бие, сэтгэцийн хөгжлийн төвшинд зохицуулан явуулах ажлын сэтгэл зүйн үндсийг судлахад гол анхаарлаа хандуулна.
Тэрчлэн сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний ухамсрын бүтэц, биехүний сэтгэцийн процесс, шинж чанар болон байдал илрэн хөгжих тодорхой хэлбэрүүдийн сэтгэл зүйн үндсийг судална.
XX зууны эхэн үеэс сэтгэл судлалын шинжлэх ухаанд бихевиорист, сэтгэц задлан шинжлэлийн болон хүмүүнлэгийн чиг хандлагын онол, үзэл баримтлал хүчтэй хөгжиж эхэлжээ. Америкийн сэтгэл зүйч эрдэмтэн ДЖ.Уотсон 1913 онд “Хүний сэтгэцийн үзэгдлийг бодитой судлах арга бий болговол сэтгэл судлал нь шинжлэх ухаан болж чадна” гэж үзээд альваа хүнд гаднаас үзүүлж буй үйлчлэл (нөлөөлөл)S” бүрт тохирсон зан үйлийн тодорхой хэлбэр буюу хариу үйлдэл “R” байдгийг “S-R” гэж зааварчлан тэмдэглэжээ. Энэ үзэл баримтлалыг биехүний зан үйлийн хөгжлийн ахиц, өөрчлөлтийг судлах бихевиорист хандлагын нэг юм. Биехүний зан үйл бол сэтгэцийнх нь хөгжилтэй холбоотойгоор хөгжин өөрчлөгдөж байдаг.
Австрын сэтгэлзүйч, сэтгэц задлан шинжлэлийн нэрт төлөөлөгч З.Фрейд (1856-1939) хүний сэтгэцийг мөнгөн уултай зүйрлэн далайн түвшингээс дээш цухуйж буй оргил нь “ухамсар” үлдсэн хэсэг нь ухамсарт бус “үл ухамсарлагдахуй” гэж үзээд ухамсарт бус түвшинд шахан зайлуулагдсан “дур хүслэн” хэмээх зөн билэг нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд төдийлөн мэдрэгдэхгүй атлаа сул яриа, зүүд нойр болон уран бүтээлд илрэх тохиолдол цөөнгүй байдаг юм. Жишээлбэл, мөнх цастай уулыг зарим хүн хэрэгсэхгүй (сонирхохгүй) орхисон боловч шөнө тэр уул өөд авиран тодорхой өндөрт гарчихаад зовно. Гагцхүү сэрж байж л тэр бэрх байдлаас салдаг. Мөн хичээлийн нэг сэдвийн далд агуулгыг зарим суралцагч судалж мэдэхийг хүсэхгүй орхих, зарим нь эрж хайж эзэмшихийг бодно. Ихэнх суралцагч багшийн туслалцаа авахыг хүсэх гэх мэтээр бодно. Завсарлах хугацаа ойртсон учраас суралцагчид завсарлахыг хүсч байгаагаа санамсаргүй илэрхийлж байгаа харагдана.
Ингэхлээр дээр өгүүлсэн жишээнүүд нь тэдний сэтгэцэд ухамсарт бус түвшинд шахан зайлуулагдсан юмс (өндөр уул сэдвийн далд агуулга) тодорхой хэмжээгээр нөлөөлж байдгийг харуулж байгаа юм. Ийнхүү хүмүүсийн сул яриа бүхий хошигнол, зүүд нойр зэргийг задлан шинжлэх замаар тэдний сэтгэл санааны дотоод ертөнц (мэдрэмж)-ийн амьдралыг З.Фрейд ухамсарт бус түвшинд шахан зайлуулагдсан “дур хүслэн” зөн билэгтэй холбон судалсан нь практик хэрэглээний сэтгэл судлалыг хөгжүүлэхийн чухал үндэслэл болж байгаа юм. Тухайлбал зөн билэг нь З.Фрейдийн үзэж байгаагаар хүмүүст өдөр бүр мэдрэгдэж байдаггүй боловч санамсаргүй байдлаар сул яриа, зүүд нойр, уран бүтээл болон гэнэтийн далд санаа бодол зэргээр илрэх сэтгэлгээний өвөрмөц хувилбар юм.
Ингэхлээр альваа хүн өөрийгөө танин мэдэж цааш хөгжих боломжоо бүрдүүлэх чиглэлээр ажиллах чадвартай болсон үеэсээ сэтгэлзүйнхээ болон зан үйлийн хөгжлийн зүй тогтол, төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлсийн ойлголт, ажил амьдралдаа хандах сэтгэл судлалын сурган хүмүүжүүлэхзүйн болон боловсрол судлалын мэдлэг, боловсрол, арга барил, хандлагын ахиц өөрчлөлтийг тооцон судалж ажиллах туршилга, амьдралд тохиолдох зөрчил, бэрхшээлийг ухаалгаар шийдвэрлэх боломж, дотоод бодол санаагаа зөвшрүүлэн бусдын санаа бодолтой харьцуулан тааламжтай итгэл үнэмшил бүхий мэдрэмж буй болгон сэтгэлийн хөдөлгөөнөө хянан жолоодохтой холбоотойгоор өөрийгөө зөв удирдах боломж бүрдүүлдгийг янз бүрийн нөхцөл, түвшинд судлан дүн шинжилгээ хийх нь тухайн биехүний сэтгэл судлалын боловсролын тэр дотроо сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын боловсролын хөгжлийн нэн чухал хандлага юм.  
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн зорилго нь: хүний сэтгэцийн амьдралын хууль, зүй тогтол, сурлага, хөдөлмөрийн бүтээлч үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрүүд, хүмүүсийн хоорондын харьцааны систем, бие хүн төлөвших процессыг шинжлэх ухааны үндэстэйгээр үнэн зөв удирдан зохион байгуулах ажлын сэтгэл зүйн үндсийг судлах.
   Хүний сайн сайхан (амьдарч), эрүүл энх хөдөлмөрлөхийн дотоод бодол санаа бүхий мэдрэмжийг удирдан жолоодох сэтгэцийн хөгжлийн зүй тогтол, зан үйл төлөвшлийн ахиц өөрчлөлт, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх цогц ойлголт, мэдлэг эзэмшин хэрэгжүүлэхэд зохицсон харилцааны боловсрол олж авах;
Хүүхэд залуучуудад сурч эзэмшин хөгжхийн ахиц өөрчлөлтөө насны тодорхой үе шатанд тохирсон шалгуур үзүүлэлтээр судлан дүн шинжилгээ хийх арга барил бүхий сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын боловсролын мэдлэг, чадвартай болгох асуудлыг шийдвэрлэх;
Сурч хөдөлмөрлөн амьдрах таатай орчинг өдөр тутмын амьдралд тохиолдох зөрчил, бэрхшээлийг зөв шийдвэрлэх, хамт олны болон бусдын санаа бодлыг хуваалцаж, тааламжтай, хүндэтгэлтэй, анхааралтай, элэгсэг дотно харилцаа бүхий сайн сайхан аж төрөн оршиход зохицсон боловролтой холбон бүрдүүлэх;
Ерөнхий сэтгэл судлалыг судлаж буй хүн бүр харж ажиглах, сонсох, ярьж тайлбарлах, бичиж тэмдэглэл үйлүүдээ өөр хоорондын холбоонд нь сэтгэн бодох үйлтэй холбосноор өөрийнхөө бие бялдар, нийгэмшил болон сэтгэхүйн хөгжлийнхөө ахиц өөрчлөлтийг үйл ажиллагааны ассемляци, аккомодаци хэлбэрийн харилцан нөлөөлөл бүхий тэнцвэрт байдалд судлан дүн шинжилгээ хийх чадвар бүхий туршилга олж авах арга барилтай болох гэх мэт.

         5. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны зарчим, арга, тэдгээрийн онцлог
шинжлэх ухаан бүр ямагт шинэ шинэ баримт материал, мэдээ, сэлтээр баяжин, тэдгээрт дүн шинжилгээ хийж агуулга, судлах зүйлээ улам бүр арижуулж байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өөрийн судалгаа шинжилгээний нарийн аргатай бөгөөд тэр нь цаг үргэлж улам боловсронгуй болж хөгжиж байна. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудыг судалгаа шинжилгээний ажилд хэрэглэхэд зайлшгүй мөрдөж байх тусгай зарчимууд байдаг юм. Энэ шинжлэх ухааны хувьд зарчим нь хүний сэтгэцийн үзэгдэл, үйл ажиллагааг хөгжил хөдөлгөөн, зөрчил, объектив байдлын нэгдэлд судлан дүн шинжилгээ хийхэд баримтлах шаардлагуудын тогтолцоо юм. Тухайлбал аливаа биехүний ажил үйл амьдралд ажиглалтын болон туршилтын аргаар мөн бүтээлд нь дүн шинжилгээ хийхэд баримтлах шаардлаггуудын цогц нэгдэл нь зарчим юм. Зарчмыг сэтгэл судлалын шинжлэх ухааны хувьд эхлээд биехүний сэтгэцийн үзэгдлүүд талаас нь авч үзье.
1.       Сэтгэцийн үзэгдүүдийн объектив нөхцөлд үнэн зөв судлахад баримтлах зарчим.
Энэхүү зарчим нь сэтгэцийн аливаа үзэгдлийг, тухайлбал, хүний сэтгэцийн амьдралыг тэр хүний амьдрал, үйл ажиллагааны нөхцөл, зан байдал, төрх төлөв, биеэ авч яваа байдал, оюун санааны хөгжлийн төвшинтэй нягт холбон судлах шаардлагатай. Хүний эдгээр чанарууд нь түүний амьдралын явцад бүрэлдэн төлөшдөг учраас хүнийг судлахдаа юуны түрүүнд тэр хүн ямар орчин нөхцөлд өсч бойжиж, сурч хүмүүжсэнийг судлах хэрэгтэй юм. Хүний сэтгэцийн үзэгдлүүд нь түүний амьдран байгаа гадаад орчны тусгал юм. Тэрхүү тусгалыг үнэн зөв төлөвшүүлэхэд тэр хүний амьдарч байгаа орчин ахуй хэрхэн яаж нөлөөлснийг нарийн судлах нь чухал юм. Судалгааг ингэж явуулснаар бодитой, объектив үнэн зөв болж чадна
2.       Сэтгэцийн үзэгдүүдийг түүний хөгжил, хөдөлгөөн, зөрчил дунд нь судлахад баримтлах зарчим.
Хэрвээ бид объектив ертөнцийг түүний хөгжил хөдөлгөөнд нь диалектик арга барилаар судалдаг бол түүний субъектив тусгал болох сэтгэцийн үзэгдлийг бас түүний хөгжлийн диалектикт нь авч судлах хэрэгтэй. Хүний сэтгэцийн үзэгдэл нь түүний насны үе шат, амьдралын хувьсалт өөрчлөлтүүдтэй нягт холбоотой хөгждөг юм. Амьдрал үйл ажиллагааны янз бүрийн хэвшил, насны онцлог, үе шат бүр нь өдрөөс өдөрт хүний нэн ялангуяа хүүхдийн сэтгэл санаа, үзэл итгэл, ухамсарыг өөрчлөн, амьдралын нь туршлагыг улам бүр баяжуулан хөгжүүлж байдаг зүй тогтолтой юм. Хүний амьдралын түүхийг судлахгүйгээр түүний дотоод ертөнцийн онцлогийг танин мэдэж болохгүй. Тийм учраас хүнийг судлах асуудлыг нэг байрнаас авч үзэж болохгүй бөгөөд тухайн хүн өмнөх байдлаасаа хэрхэн яаж өөрчлөгдсөн, түүний бодол санаа, дотоод ертөнцөд юу шинээр буй болсон, ямар өсөлт, урагшилт гарсан зэргийг сайтар анхаарч судлах шаардлагатай. Ийм учраас судалгааны сонгож авсан арга нь энэхүү диалектик зарчмыг хатуу баримталж мөрдсөнөөр судалгаа үнэн зөв болно.
3.       Сэтгэцийн үзэгдүүдийг хүний хийж байгаа үйл ажиллагаа , түүний үр дүнтэй нягт холбон судлахад баримтлах зарчим.
Хүний сэтгэц нь объектив ертөнцийн субъектив тусгал боловч хүний идэвхтэй үйл ажиллагааны явцад үүсч хөгждөг юм. Хүний дотоод бодол санаа, үзэл итгэл, ухамар, хэл ярианы онцлогийг судлахад түүний хийж бүтээсэн зүйлийн чанар, үр дүн, ажил хөдөлмөрт хандах хандлага, хариуцлага, санаачлага чухам ямар түвшинд байгааг судлан илрүүлэх нь чухал юм.
4.       Сэтгэцийн үйл ажиллагааг түүний бүтэц, бүрэлдхүүний нэгдэлд нь судлахад баримтлах зарчим.
Хүний сэтгэц, түүний субъектив ертөнц нь дотроо салшгүй нэгдэлтэй бүхэл бүтэн бүтэцтэй бөгөөд тархины системтэй үйл ажиллагааны бүтээгдэхүүн юм. Хүний сэтгэц, ухамсрын үйлийг бие биеэс нь салангад судалж болохгүй бөгөөд хэрвээ хүний сэтгэцийн үйлийг  өөр хооронд нь холбоогүй авч үзвэл судалгаа худал, хуурмаг болно. Сэтгэцийн үзэгдлүүд нь бүхэл бүтэн нэгдмэл хөгжлийг бүтэц, биехүний бүрэлдэхүүнээр нь судлан дүн шинжилгээ хийхэд зайлшгүй чухал тулгуур үндэс болж байдаг учраас хүнийг судлахад сэтгэцийнх нь үйлүүдийг нэгдэлд авч үзсэнээр хүний тухай үнэн зөв төсөөлөлтэй болно. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь дээр дурдсан сэтгэцийн үзэгдлийн зарчмуудад тулгуурлан биехүний боловсролыг хөгжил, төлөвшил болон зан үйлтэй нь холбон бүх талын харилцааны нэгдэлд судлахдаа дараах зарчмуудыг баримтална.
·         Аливаа биехүн өөрийнхөө сонирхож буй юмс үзэгдлийг судлан хэрэглэхдээ холбогдох мэдээллийг нүдэн баримжаарааг ихэвчлэн цуглуулан судалдаг учраас янз бүрийн нөхцөлд өөрийгөө аль болох олон талаас ажиглах эв дүй, ур чадвартай болоход нөлөө бага үзүүлнэ.  Иймээс уг юмс, үзэгдэлтэй холбоотой бичиг баримт цуглуулж судлах нь чухал байдаг бөгөөд энэ тохиолдолд анкет, тестийн аргуудаас хослон хэрэглэх арга барил эзэмшсэн байх нь ажиглалтаар судалгаа явуулж дүн шинжилгээ хийхэд баримтлах чухал зарчим юм.
·         Аливаа биехүн өөрийнхөө амьдра,л аж байдал, сурах, хөдөлмөрлөх болон танин мэдэх объект-субъект, субъектийн харилцан холбоо бүхий учир шалтгаан, үр дагаврын холбоо хамаарал, зүй тогтлыг илрүүлэх, энэ бүхэнтэй холбон таамаглал дэвшүүлж батлах, хөгжил, төлөвшил болон зан үйлдээ нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулах гэх мэт зорилгыг шийдвэрлэхдээ сэтгэцийн үзэгдлийн тодорхой илэрлийг зориуд загварчлан авч үзэх мэдлэг, чадвар, туршлагатай болоход аливаа юмс үзэгдлийг туршин судалж дүн шинжилгээ хийх нэгдмэл шаардлага боловсруулж хэрэгжүүлэх нь баримтлах бас нэгэн чухал зарчим юм.
·         Ажиглалт явуулахад баримтлах зарчим нь туршигч, тушигдагчийг зориуд өдөөж, тэдгээрт сэтгэгчийн хувьд нөлөөлснөөр туршигчийн үр дүнг өөрчилдөг плацебогийн нөлөөлөл ; судалгаа, туршилт нь тухайн биехүний  ичих эмээх, сандрал гэх мэт сэтгэцийн янз бүрийн гаж хөдөлгөөнд оруулж болзошгүйг тооцон чимээ шуугиангүй, гадны хүнгүй, янз бүрийн харилцаанд орохгүй байхад зохицсон хөндлөнгийн нөлөөлөл ; дэвшүүлсэн таамаглал, цуглуулсан баримт мэдээлэл нь итгэлтэй байгаа бол тэдгээрийг батлахын тулд судалгааны үр дүнг зориуд өөрчлөхөд хүрдэг. Розентамын нөлөөлөл зэрэг хүчин зүйлийг анхааран юмс үзэгдлийг цаг хугацаа, дуу чимээ, хөндлөнгийн олон хүчин зүйлстэй  холбоотой шаардлагуудыг тооцох нь нэг чухал зарчим юм.
·         Юмс үзэгдлийг судалсны үр дүнд нөлөөлөх объектив, субъектив хүчин зүйлсийг тоолох; нэг удаагийн туршилтын үр дүнгээр дүгнэлт тайлбар хийхгүйгээр судалгааг хэд хэдэн удаа явуулах; цуглуулсан материал, мэдээллийг ажиглалт, асуулгын гэх мэт аргуудаар нэмт тодоруулан баталгаажуулах; юмс үзэгдлийг судлах бэлтгэл, мэдлэг, чадвар, туршлагадаа тулгуурлан туршлагыг үнэн зөв явуулах чадамжтай байх гэх мэт зорилготой шаардлагуудын нэгдэлд биехүн амьдрах, аж байдлын хөгжил төлөвшил, зан үйлээ судлан дүн шинжилгээ хийж хэвших нь тэдний боловсролын олон талт үйл явцын нэгдмэл харилцааг хэрэгжүүлэхийн чухал зарчим юм.
·         Аливаа судалгааны ажлын өгөгдөл нь судалгаанд оролцогчдод ойлгомжтой, мэдлэг, чадвар, туршлагад нь тохирсон, судлах гэж буй асуудлын ил, далд агуулга, шийдвэрлэх хүрээ, гарах үр дүнтэй зайлшгүй холбогдох учраас биехүний боловсрол, хөгжил, төлөвшил, зан үйлийн уялдаа, шүтэлцээ бүхий үйл ажиллагааны ахиц, өөрчлөлтийг тооцох хандлагатай байх бөгөөд хүн судлалын сэтгэц, ухамсрын хөгжлийн үндсэн шалгуур үзүүлэлт, бие хүний хөгжлийн иж бүрдлийн элементүүдийн уялдаа холбоо, бүтцийг судлан дүн шинжилгээ хийхэд зохицсон байна. Судалгааны өгөгдлийн дээрх агуулга нь аль ч улс орны бүх салбарын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд тавих үндсэн зарчим юм.
·         Дээрх зарчимд тулгуурлан судалгааны ажилд ашиглах аргуудын ололт, дутагдал, хэрэглэгдэх хүрээг бүтцүүдээр нь тодоруулж, хүний амьдрал, хөгжлийн академик болон прагматик хандлагын шүтэлцээнд тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд тооцон үзэхээр боловсруулсан шалгуур үзүүлэлтүүдээр дүн шинжилгээ хийж ажиллах нь судалгаанд оролцогчдоос үйл ажиллагааны ассимляци, аккомляци хэлбэрүүдийн уялдаа холбоо бүхий тэнцвэрт хөгжил шаардах учраас аливаа судалгааны ажлын өгөгдөл, явц, үр дүн нь судалгаанд оролцогчид хөгжил, төлөвшил, зан үйлийн ахиц өөрчлөлт бүхий боловсролтой байх ёстой. Энэ нь биехүний хөгжин төлөвшиж амьдран оршихуйн ололт, дутагдлыг агуулсан нэн чухал зарчим юм. Өмнө өгүүлсэн зарчмуудад тулгуурлан сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд дараах аргуудаас хэрэглэнэ.
     Үүнд:
Ажиглах арга. Хүний сэтгэцийн үйл ажиллагааны олон талт илрэл, түүний үүсэж явагдах нөхцөл, зүй тогтлыг тодорхой зорилго чиглэлтэй, тусгай төлөвлөгөөтэйгөөр жирийн байгаа нөхцөлд нь судлах аргыг годуу харж ажиглах арга гэнэ. Ажиглах аргаар судалж байгаа үзэгдлийг түүний жирийн нөхцөлд нь хөндлөнгөөс зориуд ажих замаар судална. Жишээ нь багшаас сурагчдынхаа хичээл сурлагын ажилд хандах хандлага, сурах хүсэл, эрмэлзэл ямар түвшинд байгааг сэтгэл зүйн үүднээс ажиглан судлахдаа тодорхой хэсэг сурагчдыг сонгон авч тэдэнд мэдэгдэхгүйгээр хичээлд нь тогтмол сууж, тэдний идэвх, анхаарал нь хичээлд ямар байдлаар илэрч байгаа, мөн хичээлд оролцох ерөнхий идэвх, чармайлт ямар байгаа, оюун ухааны үйлийн хөгжлийн төвшинд ямар ахиц, өөрчлөлт гарч байгааг системтэй ажиглан тэмдэглэл хөтөлнө. Мөн түүнчлэх хичээлээс гадуур номын сан, уншлагын танхим, гэртээ хичээл номоо хэрхэн давтдаг зэргийг давхар ажиглан судлана. Ингэснээр багш тодорхой хугацааны турш хэсэг сурагчдын сэтгэцийн үйл ажиллагааны хөгжлийн тухай тодорхой баримт материалыг хуримтлуулан цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж, цаашид уг сурагчидтай ажиллах арга барилаа сонгож авна.
        Ажиглах арга бол сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний хамгийн энгийн арга юм. Судалгааны ажлын зорилгоос шалтгаалан ажиглах аргыг нийтэд нь ажиглах, сонгон ажиглах гэсэн хоёр хэлбэрт хуваана. Нийтээр ажиглах арга нь судлагдаж байгаа сэтгэцийн үзэгдлийг бүхэлд нь ажиглах, түүний ерөнхий зүй тогтлыг илрүүлэхэд чиглэгдэнэ. Харин сонгож ажиглах арга нь судлаачийн судалгаа шинжилгээний ажлын тодорхой нэг сэдэвтэй шууд холбоотой сэтгэцийн үйл ажиллагааг судлахад зориулагдана.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны ажиглах арга нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд: юуны урьд судалгааны ажлын холбогдолтой эрдэм шинжилгээний ном зохиолыг судалсан, судалгааны ажилд тавигдаж байгаа зорилтыг бүрэн тодорхойлсон, судалгааны ажлын объектыг       /судлах зүйлийг/ нарийн сонгон авсан, судалж ажиглах зүйлийн төлөвлөгөө зохиосон, ажиглах ага хэлбэрийг урьдаас боловсруулсан байх, судалгааны ажиглалтыг шууд, тасралттай тасралтгүй, өөрийгөө ажиглах (интроспекци), бусдыг ажиглах гэх мэт хэлбэрүүдээр чадмаг явуулах.
Ажиглаж дууссаны дараа судлаачид нь ажиглах аргаар цуглуулсан материалыг сайтан эмхтгэн тэгдгээрт ул суурьтай боловсруулалт, дүн шинжилгээ хийж байх нь чухал.
Ажиглах аргын давуутай тал нь юуны түрүүнд судлагдаж байгаа биехүний амьдрал, үйл ажиллагааны талаар тодорхой баримтгүй, үлэмжийн баялаг материалыг хуримтлуулдагт оршино.
Гэвч ажиглах аргад хэд хэдэн үндсэн дутагдал байдаг. Үүнд:
Нэгдүгээрт, ажиглах аргаар  сэтгэцийн үйл ажиллагааг судлах явцад судлаач хүн судлагдаж байгаа зүйлд шууд илээр оролцож болдоггүй учраас судалгааны ажлын явцад хуримтлуулах материал гүйцэд биш хязгаарлагдмал хүрээнд байдаг. Тэрчлэн ажиглах аргаар судалгаа явуулахад судалгааны явцыг түргэтгэх буюу удаашруулах, дахин давтах зэргээр их хугацаа шаардагдахаас гадна нөхцөл байдал, судалгааны чигийг өөрчлөхөд хүнд байдаг. Хоёрдугаарт, судлагдаж байгаа үзэгдлийн үнэн шалтгааныг энэ аргаар бүрэн илрүүлэх боломж бас хязгаарлагдмал байдаг талтай. Гуравдугаарт, ажиглах аргаар цуглуулсан материалд тоо, чанарын талаар боловсруулалт хийх нь үндэстэй судалгаа болж чадахгүй.
Ярилцах арга. Судалгааны зорилгоос үндэслэн бэлтгэгдсэн тусгай асуултад хариу авах буюу аман ярилцлагын хэлбэрээр хүний сэтгэцийн зарим нэг үйл ажиллагааг судлан илрүүлэх аргыг ярилцах арга  гэнэ. Ярилцах аргаар хүний сэтгэцийн үйл ажиллагааг судлах нь түүний урьдчилсан бэлтгэлээс ихээхэн шалтгаална. Харилцан ярилцаж судлагдаж буй үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг нээн илрүүлэхийн тулд ярианы төлөвлөгөөг урьдаар сайтар зохиож, асуух асуултыг урьдаас нарийн бодож боловсруулсан байх нь чухал. Ярилцах аргаар хүний дотоод ертөнцийг судлахдаа ярианы хурд, хэлбэр, маяг нь тайван бөгөөд сандралд оруулахгүй, аливаа албадлага хэрэглэхгүй, тулгах, шаардах хэлбэрээр явагдаж болохгүйг хичээх хэрэгтэй. Ярианы явцад судлагдаж байгаа хүн нь бүрэн чөлөөтэйгөөр өөрийн бодол санааг илэрхийлэх боломжтой, Уг хүний ярьж буйг техник хэрэгсэлд хураах буюу эсвэл бүрэн бичиж тэмдэглэж авсны дараа түүнийгээ эмхтгэн цэгцлэж дүн шинжилгээ хийх нь чухал юм.
Туршилтын арга.  Туршилтын арга нь сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргын нэг юм. Хүний сэтгэцийн үйл ажиллагааг нарийвчлан судлахын тулд зориудын зохиомол нөхцөл бололцоо бүрдүүлж тодорхой нөхцөлд систем, дэс дараалалтай явагдах судалгааны аргыг туршилтын арга гэнэ.  Туршилтын арга бусад аргуудаас илүү ашигтай нь судлагдаж байгаа зүйлийн үйл хөдлөл, процессыг хэзээ яаж буй болохыг хүлээн суухгүйгээр судлаач өөрийн төлөвлөгөө, зорилгод зохицуулан тодорхой нөхцөл болзлыг зориуд буй болгосны дараа шууд судалгааны ажлыг зохион явуулдагт оршино. Өөрөөр хэлбэл судлагдаж байгаа үзэгдлийн щинж чанар, зүй тогтлыг илрүүлэх нөхцөл бололцоог судлаач өөрөө буй болгодог. Тэрчлэн судалгааны явцыг хурдасгах буюу удаашруулах, судалгааны арга барилыг өөрчилж солих, судалгааг дахин давтан явуулах зэрэг боломжуудыг судлаач ашиглаж болно. Туршилтын арга нь лабораторийн болон жирийн туршилт гэсэн 2 үндсэн хэлбэрээр явагдана. Сэтгэл судлалын лабораторийн туршилт тусгай лабораторид /байранд/ явагдана. Хүний сэтгэцийн үзэгдлийн физиологи механизм болн дээд мэдрэлийн үйл ажиллагааны зүй тогтлыг судлахад сэтгэл судлалын лабораторийн туршилт онцгой ач холбогдолтой. Тийм учраас сэтгэл судлалын лабортари нь орчин үеийн нарийн техникээр сайтар тоноглогдсон байх шаардлагатай. Сэтгэл судлалын лабораторийн туршилтыг тусгай аппарат багажийн туслалцаагүйгээр явуулж болно.
Лабораторийн туршилтын аргад бас дутагдал бий. Үүнд: лабораторийн аргаар туршилт явуулахад судлагдаж байгаа хүн нь судалгааны зорилтыг тодорхой мэдэхгүй боловч өөрөө туршигдаж байгаагаа мэдэж байдаг учраас түүний сэтгэл санааны түвшин алдагдах, айж сандрах, ичиж зовох зэргээр сэтгэл санааны хямралд орох нь хялбархан байдаг. Тэрчлэн лабораторийн туршилтын нөхцлүүд нь ихэнхдээ жирийн биш, зохиомол байдалд байдаг. Эцэст нь лабораторийн туршилтын аргаар хүний сэтгэлийн хөдөлгөөн, зориг, сонирхол, зан төлөв зэрэг сэтгэцийн үйл ажиллагааг судлан илрүүлэх асуудал бэрхшээлтэй байдаг байна. Сэтгэл судлалын лабораторийн туршилт нь хими, физик, физиологийн лабораторийн туршилтыг бодоход илүү хүнд нөхцөл явагдана. Учир нь судалгааны объект болсон судлагдаж байгаа хүн нь туршигчийн хүсэл бодлоос шалтгаалахгүйгээр өөрийн бодол санаа, сэтгэцийн үйлээ өөрөө удирдан жолоодож байдаг юм. Өөрөөр хэлбэл, лабораторийн туршилт явагдаж байгаа үед туршигдаж байгаа хүн нь туршилтад хэрхэн хандахаа өөрөө мэдэж байдаг. Ийм учраас туршилтын явцад түүний үр дүн туршигчийн хүссэнээр өөр байдлаар ч гарч болох талтай. Жирийн туршилт нь лабораторийн туршилтаас ялгаатай юм. Жирийн туршилт нь судлагдаж байгаа үзэгдлийг түүний хэвийн нөхцөлд судалдгаараа лабораторийн туршилтаас ялгаатай. Жишээ нь сургуулийн анги танхимд болон цэцэрлэг, ясли, хөдөлмөрийн талбарт жирийн туршилтыг явуулдаг. Жирийн туршилт нь хүний амьдрал, үйл ажиллагааны хэвийн нөхцөлд явагддаг тул судлагдаж байгаа хүнд ямар нэг сэжиг төрүүлдэггүй учир түүний үр дүн нь илүү байдаг юм. Жирийн туршилтыг хэр зэрэг амжилттай явуулах нь түүний урьдчилсан бэлтгэлээс хамаарна.
         Хүний үйл ажиллагааны бүтээл, үр дүнд дүн шинжилгээ хийх арга. Хүний сэтгэцийн зарим нэг процесс, зарим нэг шинжийг шууд судалж болдоггүй, харин тэдгээрийг шууд биш замаар хүний хийсэн бүтээл, бодит материал дээр тулгуурлаж судлахыг хүний үйл ажиллагааны бүтээл, үр дүнг судлах арга гэнэ. Хүний хийж бүтээсэн зүйлд түүний дотоод ертөнцийн өвөрмөц онцлог тусгагдсан байдаг учраас түүний хийж бүтээсэн зүйлийн шинж чанараар зан байдал, оюун ухаан, авъяас билгийн хөгжлийн түвшинг тогтоон тодорхойлж болно. Жишээ нь: зохиолчийн бичиж тууривсан уран зохиол, зураачийн зурсан уран зураг, мужааны хийсэн ширээ сандал, барилгачны барьсан барилгын хэв маяг, янз төрх, үзэл санаа, уран сайхны гоо үзэмж, чанар чанасаагаар нь тэдний дотоод ертөнцийн өвөрмөц онцлогийг тодорхойлно. Тэрчлэн хүүхдийн зан төрх, үзэл санаа, оюун ухааны болон ёс суртахууны шинж төлвийг тогтоон тодорхойлохын тулд тэдний бичсэн бичиг, зурсан зураг, эвлүүлж бүтээсэн зүйл болон хичээлийн конспект, тэмдэглэл, зохиосон схем, загварг нарийн судлах хэрэгтэй. Энэ бүхэнд хүүхдийн санаа сэтгэлийн өвөрмөц онцлог, тэдний хүсэл мөрөөдөл, сонирхол, хэрэгцээ, зориг, авъяас билгийн хөгжлийн төвшин нуугдан байдаг юм.
Намтар түүх судлах арга.  Хүний хөгжлийн түүхийг нэг бүрчлэн судалж түүний дотоод сэтгэл санааны онцлогийг тогтоон илрүүлэх аргыг намтар, түүх судлах арга гэнэ. Намтар түүхийг нь судлах аргад хүний намтараас гадна, түүний зан байдал, ажил үйлс, хөдөлмөрийн талаар өгсөн тодорхойлолт, албан бичиг баримт, иргэний үнэмлэх, сургууль төгссөн үнэмлэх, гэрчилгээ зэрэг зүйлүүдийг судлах ажлууд багтана.
Бичгээр асуулга явуулах арга. Энэ нь асуулт өгч хариу авах арга юм. Бичгээр асуулга явуулах аргыг ихэнх тохиолдолд “анкетын арга” гэж нэрэлэдэг. Тавьсан асуултад судлагдаж байгаа хүн чөлөөтэй байдлаар үнэн зөв хариулах боломжоор хангагдсан байдгаараа асуулгын арга нь богино хугацаанд олон төрлийн асуултанд товч хариу авч хүний тухай тодорхой мэдээллийг түргэн хугацаанд авдаг онцлогтой юм. Тухайлбал, судлах зүйлийн зорилго, агуулгын шүтэлцээнд боловсруулсан асуулт нь судалгаанд оролцогчдоос хэрхэн хариулах товч заавар, судлах агуулгаа багтаасан хамгийн чухал хэсгээс бүрдсэн байна. Асуулга /анкет/-ын аргаар судалгаанд оролцогчдын үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжтой, судлах зүйлийн үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлэн тайлбарлахад хийхэд хялбар материалд тоо, чанарын дүн шинжилгээ хийж, түүнд тоо бүртгэлийн аргыг өргөн хэрэглэдэг. Гэвч анкет бүртгэлийн аргад сул тал бий. Анкет бүртгэлийн аргаар судлагдаж байгаа хүн нь зарим талаар гүйцэт биш, дутуу мэдээ сэлт өгөх, гаж буруу хариулах, хайнга хандах зэрэг дутагдал байдаг. Ийм учраас анкет бүртгэл, асуулгын арга нь судлаачид судлагдаж байгаа хүний тухай урьдчилсан баримжаа тойм мэдээллийг өгдөг байна. Иймд хүнийг зөвхөн анкет бүртгэлийн аргаар судалбал өрөөсгөл талтай болоход хүрнэ.
Тестийн арга. Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаанд тестийн арга өргөн хэрэглэж байна. Тест гэсэн нь англиар сорилт, шалгалт гэсэн утгатай юм. Хүний сэтгэцийн үйл ажиллагааг оношилж, түүний хөгжлийн зүй тогтлыг илрүүлэхэд чиглэн тусгай бэлтгэгдсэн ажлыг туршигдагч хүнээр хийлгэхийг тестийн арга гэнэ. Туршигдагч тодорхой тогтоосон хугацаанд туршигчийн өгсөн ажлыг гүйцэтгэнэ. Тестийн арга нь хүний сэтгэл зүйн ямар нэг онцлог зүй тогтлын шинж чанаруудын хөгжлийн төвшинг илрүүлэн судлахад чиглэсэн арга юм. Тестийг хүүхдийн авъяас билэг, оюун ухааны хөгжлийн төвшин, сурагчдын мэдлэг эзэмших процесс, мөн хүний сэтгэцийн процессууд илрэн хөгжих онцлогийн тогтоон тодорхойлоход хэрэглэнэ.
Тест нь богинохон хугацаанд тусгай нарийн техник ажиллагаа орохгүйгээр энгийн зорилтуудыг гүйцэтгэдгээрээ судалгааны бусад аргаас харьцангуй ялгаатай. Жишээ нь: сурагчдын анхаарлын тогтворжилт, төвлөрөлийг судлахын тулд Брудоны үсэгт тестийг ашиглан тодорхой хугацаанд сурагчдаар тусгай үсэгт тэмдэгтүүдийг олуулан зуруулж тэдний анхаарлын хөгжлийн төвшинг тодорхойлоход зориулагддаг. Жишээлбэл бага ангийн сурагчдын оюун ухааны хөгжлийн төвшинг шалгахын тулд дараах тестийг хэрэглэж болох юм.